logo
Элэгний Д вирустэй иргэдийн уулзалт өнөөдөр болно

Элэгний Д вирустэй иргэдийн уулзалт өнөөдөр болно

2023/01/23

“Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачилгаар “Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.  

Монгол улсын хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн халдвартай, 9.4 хувь нь гепатит В вирусийн халдвартай, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусын хавсарсан халдвартай байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад элэгний В вирустэй 450 мянга орчим хүн, түүнээс Д-компонент хэлбэртэй 240 мянга орчим хүн байгаа гэх албан бус тоо мэдээлэл бий бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусын тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд Д хэлбэрийн тархалтыг 60-80 хжвь хэмээн тодорхойлжээ.

Одоогоор Монгол улсад элэгний гепатит Д вирустэй хүмүүст тохирох эм, эмчилгээ байхгүй байна.

Дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эсрэг дараах эм байна. Үүнд:

1.GILEAD компанийн Hepcludex эм - Тус эм нь АНУ-ын FDA-аас зөвшөөрөл авахаар өргөн мэдүүлсэн ч одоог хүртэл зөвшөөрлөө авч чадаагүй байгаа боловч тус эмийг Европын холбооны 2 улсад “болзолт зөвшөөрөл”-тэйгөөр хүлээн зөвшөөрсөн.

2.ОХУ-ын Mircludex эм- Тус эмийг зөвхөн ОХУ-д нийлүүлэх зөвшөөрөлтэй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар дээрх Gilead компанийн Hepcludex эмийг 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/347 дугаар тушаалаар өнчин эмийн жагсаалт ("өнчин эм" гэж ховор тохиолддог өвчнийг эмчлэхэд болон улсын хэмжээгээр харьцангүй бага хэрэглэдэг эмийг хэлнэ) –д оруулсан.

“Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-аар дээрх эмийг Монгол улсад импортлох ажлын явц, Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас танилцуулав.

2020-2024 оны Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын 2023 оны Улсын төсөвт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.7 тэрбум төгрөгийг суулган цаашид тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлийг эрүүл мэндийн яаманд өгсөн. Иймд тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарахаар болсон байна.

“Корпорэйт” зочид буудалд 11 цагт эхлэх энэхүү иргэдийн зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар оролцож илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж тус уулзалтыг зохион байгуулагчид мэдээллээ.

Холбогдох утас 88063020

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш