Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв.
Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын бодлоготой уялдуулан дагуул хот байгуулах туршлага, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
БНСУ-ын Элчин сайд үүрэгт ажлаа авснаас хойш анх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж буйг онцлоод хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулахаар төлөвлөж буйг ярилаа.