НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг цас зудын байдалтай байгаа баруун аймгийн зарим сумдад ажиллаж нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь тодорхой дэмжлэг үзүүллээ.
Аймаг, орон нутгийн захиргаа, малчид хамтран өвөлжилтийн бэлтгэл хангасан хэдий ч энэ өвөл урьд жилүүдээс илүү хүйтэрсэн, зун ногооны гарц муу гантай байсантай холбоотойгоор өвөлжилт хүндрэхэд нөлөөлсөн тухай малчид ярьж байна.
Зудад өртсөн малчдад эрүүл мэнд болон нийгмийн суурь тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд машин техник, бензин түлш, эм, өвс тэжээл зайлшгүй хэрэгтэй байна.
Ялангуяа малчдын хүүхдүүдэд дулаан гутал хувцас, эм витамин хэрэгцээтэй байгаагаас гадна зам цасанд хаагдаж алслагдсан бүс нутгийн сурагчид сургуульдаа ирж чадахгүй улмаар хичээл, цэцэрлэгээсээ завсардах эрсдэлтэй байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтрагч байгууллагууд болон иргэд олон нийтийг зудад өртсөн айл өрх, хүүхдүүдэд хамтдаа туслалцаа үзүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан