logo
Г.Занданшатар: Хөдөө аж ахуйд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ

Г.Занданшатар: Хөдөө аж ахуйд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ

2023/02/03

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллаж байна. Тэрээр Улсын Их Хурлын 2022 оны Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр орон даяар иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудаар санал, мэдээлэл солилцохыг уриалсан.

УИХ-ын дарга уг аяны хүрээнд Баянхонгор аймагт ажиллаж буй бөгөөд Жинст, Богд, Бууцагаан болон Бөмбөгөр сумдын малчид, иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Баянхонгор аймгийн хувьд малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, баг бүрийн төлөөлөл болсон малчин иргэд уламжлалт аж ахуй, өв соёлоо эрхэмлэсэн тэмцээн уралдаан, салбар хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтуудад оролцож байгаа юм. Малчдын зөвлөгөөний үеэр сумдын удирдлагууд өнгөрсөн онд орон нутагт хийж хэрэгжүүлсэн онцлох хөтөлбөрүүд, тэр дундаа малчдын нийгмийн хамгаалал, өрхийн үйлдвэрлэлд чиглэсэн зорилтот ажлуудаас танилцуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан зарим хуулиуд, ард түмний мэдэх эрхийг хангах, хянан шалгах чиг үүргийн хүрээнд хийсэн ажлууд, Зөвлөлдөх санал асуулгын зарчим, ач холбогдол, Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Түүнчлэн сумдын иргэдтэй уулзах үеэр олон нийтийн зүгээс тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой өөрчлөлтүүд,орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилтот ажлууд, эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээг сайжруулах талаар зарим санал санаачилгуудыг иргэд хэлж байв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өглөөний уулзалтад оролцож, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжих шийдлүүдийн хүрээнд харилцан санал солилцлоо.

Орон нутагт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, ажиллах хүчнийг төвлөрүүлэх талаар уулзалтад оролцогчид онцолж байсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш