Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч 2014 оноос ажил нь зогсонги байдалд орсон байдаг. Гэвч барилгын гүйцэтгэл ажлыг 2020 оноос эрчимтэй явуулснаар улсын комисс саяхан хүлээж аваад байгаа юм.
Биеийн тамир, спортын улсын хорооны захиалгаар ” RMB ” ХХК -ийн гүйцэтгэсэн тус усан бассейн бүхий спорт цогцолбор нь 550 хүний суудалтай спорт заал, 170 хүний суудалтай усан бассейнтай, 25х35м спорт заал, олон улсын стандартын таван замтай, 330 м кубын хүчин чадалтай усан бассейн, хүүхдийн мини бассейн, бялдаржуулах төв, бэлтгэлийн заал, оффис өрөө, сургалтын өрөө, эмч, багш дасгалжуулагч нарын тус тусын нийт үйл ажиллагаа явуулах 20 өрөө, 70 машины дулаан зогсоолтой юм.
Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох Спортын ордны нээлтээ клубуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээр нээхээр төлөвлөж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нарт аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулав.
Тус ордноо түшиглэн Баянхонгор аймагт Монголын хүүхдийн спортын VII наадмыг зохион байгуулахаар болсны зэрэгцээ Монголын хүүхдийн спортын VII наадам анх удаа хөдөө орон нутагт усан спортын төрлөөр явагдах бүхий л боломж нөхцөл манай аймагт бүрдэснээрээ онцлог юм.
УИХ-ын дарга хонгор нутгийн хүүхэд залуусынхаа хөгжил, оролцоо, эрүүл мэндээ хамгаалах өрнүүн үйлсэд амжилт хүсэж, баяртай буйгаа илэрхийлэв.