logo
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

2023/02/08

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Т.Аюурсайханд Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн билээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Т.Аюурсайхан өнөөдөр /2023.02.07/ УИХ-ын гишүүн болон  Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлсэн байна.

Энэ талаар тэрбээр, "УИХ-ын гишүүнээс болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргалаа.

УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.

Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.

Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.

УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа миний бие улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд ямагт байж, улс төрийн тодорхой бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэмцэж, зүтгэж, хамтран зүтгэгч эрхэм нөхдийнхөө хамтаар олон бодит үр дүн гаргаж ажилласан билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж, хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилтоо энэ хүрээд орхиж байгаа хэдий ч, дөрвөн ч Засгийн газар дамнан яригдсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яамныхаа хамт олны дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргуулсандаа баяртай байна. Энэхүү хуулийн төслүүд батлагдвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд, хөдөлмөрчид болон тэтгэвэр авагч ахмадуудын олон жилийн хүлээлт, хүсэлт, зүй ёсны шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна.

Надад өндөр итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгож, намайг дэмжиж, эрч хүч, урам зориг өгсөөр ирсэн иргэд сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье." хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгджээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш