logo
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян Ховд аймагт зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян Ховд аймагт зохион байгуулагдлаа

2023/02/13

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян өнгөрсөн 7 хоногт баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 байгууллагын 55 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж, тулгамдсан 8 асуудлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, старт ап сургалт, үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

Аяны үр дүнд Шинжлэх ухаан, технологийн сан, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээг эргэлтэд оруулах зэрэг бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт байгууллаа.

Мөн Шинжлэх ухааны паркийн захиргаа болон “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-тай үйлдвэрлэл технологийн паркийн чиглэлээр Махны үйлдвэрийн цогцолбор, яс боловсруулах, сав баглаа боодлын  үйлдвэр зэрэг орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлүүлэхээр хамтран ажиллахаар болсон юм. Агро паркийн хүрээнд “Хөдөө аж ахуйн туршилт судалгааны төв байгуулж, орон нутгийн малчдын нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал, хүнсний ногоо жимс жимсгэнийн үр үрсэлгээний лаборатори байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Аянд оролцсон хувийн хэвшлийн байгууллагууд болох Шимт боловсрол STEAM education, Аргун компаниуд бүтээлч, тунгаан бодох ур чадвар, шинжлэх ухаанч сэтгээг хөгжүүлэх сургалтын арга зүйг Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт "Боловсрол 4.0, STEAM боловсрол" сургалтаараа дамжуулан хүргэснээс гадна Ховд аймгийн Прогресс дунд сургуульд байгалийн ухааны 6 хичээлийн 9,5 сая төгрөгийн өртөг бүхий 60 тараах материалыг бэлэглэсэн юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш