logo
Сингапур улс руу зорчих иргэдийн анхааралд!

Сингапур улс руу зорчих иргэдийн анхааралд!

2023/02/16

Сингапур Улс коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын ногоон түвшинд шилжсэнтэй холбогдуулан 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины гэрчилгээ болон коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээний хариу шаардахгүй боллоо. Зорчигчид зөвхөн тус улсад ирэхээс 72 цагийн дотор доорх холбоосоор нэвтэрч “SG Arrival Card” мэдүүлгийг бөглөн хэвлэж биедээ авч явах шаардлагатай юм.

Мэдүүлэг бөглөх холбоос:

https://www.ica.gov.sg/enter-transit-depart/entering-singapore/sg-arrival-card

Сингапур Улсад руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. Гадаад паспортын хүчинтэй хугацаа хамгийн багадаа 6 сарын хүчинтэй байх, аяллын хоёр талын нислэгийн тийзийг баталгаажуулан худалдан авсан байх.
  2. Тус улс руу нэвтрэх зөвшөөрлийг хилийн шалган нэвтрүүлэх цэгт Цагаачлал, шалган нэвтрүүлэх албаны байцаагч олгодог тул аяллын хөтөлбөр, зочид буудлын баталгаажсан захиалга зэрэг бусад шаардлагатай баримт бичгүүдийг биедээ авч явах.
  3. Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх. Визний хугацааг 90 хүртэлх хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 4,000 хүртэлх сингапур доллараар торгох эсвэл 6 сарын хугацаатай хорих шийтгэл оногдуулдаг болно.
  4. Хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа бүтээгдэхүүн тухайлбал, бохь, зажилдаг тамхи, хамрын тамхи, усан тамхи, цахилгаан тамхи, никотин болон тамхины ургамал агуулсан аливаа төрлийн бүтээгдэхүүн, галт зэвсэг, хутга, бууны хэлбэртэй тамхины асаагуур, чүдэнз, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, тэсэрч дэлбэрэх бодис, садар самуун бүхий ном, сонин, сэтгүүл, видео бичлэг, зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан ном, сэтгүүл, бичлэг, эмчийн жоргүй эм, бэлдмэл, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, үслэг эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг Сингапур Улс руу нэвтрүүлэхийг завдах, тээвэрлэх, худалдаалах, ашиглахыг тус улсад хатуу хориглодог бөгөөд дээрх гэмт хэрэгт цаазын ял оноодог болно. Иймд, бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах.

Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос авах боломжтой:

https://www.ica.gov.sg/enter-transit-depart/entering-singapore/what-you-can-bring

  1. Сингапур Улсын хилээр орох, гарахдаа 20 мянгаас дээш хэмжээний сингапур доллар эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний валют бэлнээр биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт /Physical Currency and Bearer Nogotiable Instruments Report, Form NP 727/ заавал мэдүүлж, мөнгөний эх үүсвэрийг тайлбарласан тайлан, нотлох баримтыг хавсаргана. Хэрэв мэдүүлээгүй тохиолдолд тухайн бэлэн мөнгийг хурааж авах зохицуулалттай болно.

Бэлнээр авч яваа 20 мянгаас дээш хэмжээний сингапур доллар эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний валютын эх үүсвэрийг худал мэдүүлсэн тохиолдолд 50,000 сингапур доллараар торгох эсвэл 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна.

Хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгө болон Physical Currency and Bearer Negotiable Instruments Report, Form NP 727 маягтын талаар дараах холбоосноос дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

https://www.ica.gov.sg/enter-transit-depart/at-our-checkpoints/for-travellers/CBNI

  1. Сингапур Улсын Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл аваагүй гадаадын иргэд /оюутнууд мөн адил/ ямар ч тохиолдолд тус улсад хөдөлмөр эрхлэх /цагийн ажил мөн адил хамаарна/ эрхгүй бөгөөд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 20,000 хүртэлх сингапур доллараар торгох эсвэл 2 жил хүртэлх хугацаатай хорих ялаар шийтгэдэг болно.
  2. Сингапур Улсын их, дээд сургуульд суралцаж буй гадаадын оюутнуудын хичээлийн ирцийн мэдээллийг Сингапур Улсын Цагаачлал, шалган нэвтрүүлэх алба сар бүр шалгадаг бөгөөд ирц хангалтгүй гадаадын оюутнуудын виз, оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй.
  3. Суугаа улсын хууль, журмыг даган мөрдөж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, нутгийн соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгсэлд юм идэх, уух, зөвшөөрөлгүй газарт тамхи татах, бусдын биед хүрэх, түлхэх, бусдын зургийг зөвшөөрөлгүй авах, эзэнгүй орхисон, гээгдсэн эд зүйлсэд гар хүрэх зэргийг хуулиар хориглодог болно.

Сэтгэгдэлүүд

Дээш