logo
Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив

Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив

2023/02/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив.

Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Украин Улс дахь нөхцөл байдалд сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав.

Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэв.

Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш