logo
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 50 км авто зам шинээр барина

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 50 км авто зам шинээр барина

2023/03/01

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /2023.02.28/ Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт “Дэлхийн банк нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай хөгжлийн олон бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж явдаг. Тэр дундаа зам, тээврийн дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ.

Энэ удаагийн Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” нь зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг. Хэлэлцээрийг УИХ-аар батлуулахад удаашралтай байгаа ч миний бие төслийг цаг алдалгүй эхлүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлүүлэхэд бололцоотой бүхий л арга хэмжээг авна гэсэн байр суурьтай  байгаа” хэмээн хэллээ.

Төслийн хүрээнд улсын чанартай нийт 311 км авто зам болон таван байршилд төмөрбетон гүүрийн их засвар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 15 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замын ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс төслийг шуурхай хэрэгжүүлэхэд холбогдох яам, төрийн байгууллагууд нэгдсэн ойлголттой байх, Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх хугацаа богино тул төсөл хэрэгжүүлэх нэгж, удирдлага, багийг томилох, дадлагажуулах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Хоёр тал цаашид хамтран төслийн нэмэлт судалгааны ажил хийх, байршлыг тодорхой болгох, холбоотой заавар, зөвлөмжийг боловсруулахаар тогтлоо. Мөн хуурай боомт байгуулахад шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлуулахад Дэлхийн банкнаас техникийн болон бусад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ЗТХЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш