logo
Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой тохиож байна

2023/03/02

Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2016 оны Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаснаас хойш 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 03 дугаар сарын 02-нд олгож эхэлсэн түүхтэй. Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдад тус цолыг олгосон бол 1950 онд Цагдаагийн байгууллагаас, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, 1971 онд Онцгой байдлын байгууллагаас /тухайн үеийн Иргэний хамгаалалтын байгууллага/ хурандаа цолтон төрөн гарчээ.

1971 оноос хойш 2004 он хүртэл Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Улсын иргэний хамгаалалтын газраас 32, Гал түймэртэй тэмцэх газраас 28 буюу нийт 60 хүнд хурандаа цол олгожээ. Харин 2004 оноос хойш 280 гаруй хурандаа цолтон төрсний зургаа нь эмэгтэй хурандаа байна.

1936 оноос хойш 87 жилийн хугацаанд Зэвсэгт хүчин, Онцгой, Цагдаа, Хил хамгаалах, Шүүх, Тагнуулын 3200 гаруй хурандаа цолтон төрсний 60 гаруй нь эмэгтэй хурандаа байгаа бол хамгийн олон хурандаагаар Батлан хамгаалах яам тэргүүлдэг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш