logo
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах байнгын ажиллагаатай дэд зөвлөл байгуулагдлаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах байнгын ажиллагаатай дэд зөвлөл байгуулагдлаа

2023/03/07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 21 дүгээр зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 5/04 дүгээр хурлын тэмдэглэлээр өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөг анх батлуулж, томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Онцолбол, Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор “Гамшгаас хамгаалах, дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах журам”, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 217 дугаар тушаалаар “Хүмүүнлэгийн багийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам”, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 249 дүгээр тушаалаар, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”,  “Автозам, гүүр инженерийн шугам сүлжээнд газар хөдлөлтөөс үүсэх эрсдэлийн үнэлгээ өгөх аргачлал”, “Өрөгт бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Цутгамал төмөр бетон бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал” барилгын дүрмийг тус тус шинээр боловсруулан батлуулаад байна.

Байнгын ажиллагаатай зөвлөл нь Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор татан буугдаж, Шадар сайдын 2023 оны 12 дугаар тушаалаар Байнгын ажиллагаатай дэд зөвлөл болон байгуулагдсан. Энэхүү зөвлөлийг Шадар сайд ахлан, 9 яамны дэд сайд, Төрийн Нарийн бичгийн дарга, 5 агентлагийн удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах юм. 

Байнгын ажиллагаатай дэд зөвлөл нь хот, суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын барилгын газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг шалгах, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинэчлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш