Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ энэ сарын 5-8-ны өдүүдэд Канад улсын Торонто хотноо боллоо.
Монгол Улс нь энэхүү арга хэмжээнд 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар цогц мэдээлэл өгөх, салбарын сайдууд болон хөрөнгө оруулагчид, оролцогч талуудтай санал солилцох чухал ач холбогдолтой уулзалтуудад оролцлоо. Мөн анх удаа үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан, эрэлт өндөр арга хэмжээ болсныг оролцогчид онцлов. Түүнчлэн өөрийн орны ашигт малтмалын хэтийн төлөв, салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид баримтлах бодлогын талаарх мэдээлэл бүхий тараах материал бэлтгэн хүргэлээ.
Чуулганаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын ашигт малтмалын нөөц бололцоо, салбарын бодлогын шинэчлэлийн талаар илтгэл тавьж, Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Тэрээр мөн Канад Улсын Парламентын нийтийн танхимын дарга Энтони Рота, Канад Улсын Байгалийн баялгийн дэд сайд Жон Ф.Ж Ханнафорд, Англи (ИБУИНВУ)-ийн Эрдэс баялгийн асуудал хариуцсан сайд Nusrat Ghani, мөн Канад, АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд, банкууд, хөрөнгө оруулагчдыг урьж уулзан салбарын хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр салбарын сайд хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж, давуу тал, хөрөнгө оруулагчдад тулгарч байсан бэрхшээлүүдийг шийдвэрлэж буй талаар, мөн салбарын дэд бүтцийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буйг танилцуулсан.
Чуулга уулзалтын албан ёсны арга хэмжээний дараа сайд Ж.Ганбаатар Канад улсын Олон улсын худалдаа, экспорт, жижиг дунд бизнес, эдийн засгийн хөгжлийн сайдын парламентын нарийн бичгийн дарга Ариф Вирани, АНУ-ын Эрчим хүчний нөөцийн товчооны Эрчим хүчний засаглал, хүртээмж хариуцсан нарийн бичгийн дарга Пол Хюпер, Канадын EDC банкны төлөөлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вивек Бхарадваж нартай уулзсан.
Америкийн нэгдсэн улс нь манай улстай газрын ховор элемэнт, баттарейн түүхий эдийн чиглэлээр хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Канад Улс өөрийн орны байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бага байлгах технологийг Монгол улсад нутагшуулах, түүнчлэн уул уурхайн дэвшилтэт техник, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.
PDAC2023 чуулганаар манай улс, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин өдрөөс өдөрт таатай болж өөрчлөгдөж байгаа, хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн иргэдэд харилцан үр ашигтай хүргэх, ойлголцол дээр тулгуурлан хамтран ажиллах боломжтойг хөрөнгө оруулагчдад хүргэхийг зорьж ажиллалаа.
Эх сурвалж: УУХҮЯ