logo
Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

2023/03/15

Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Уур амьсгалын Үндэсний хороо 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хуралдлаа.

Хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө болон Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны аравдугаар сарын 04-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтолд хүчтэй өртсөн газар нутгийг 4.0 хувиар бууруулж, хүлэмжийн хийн шингээлтийг 11.0 хувиар нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ашигт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хүнсний хангамжийг сайжруулахад зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Уур амьсгалын Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээнд Уур амьсгалын өөрлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдаа, зохицуулалтаар хангах, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар болон бусад салбарт 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш