Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах БНСУ-ын KSP багийн төлөөллийг Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Б.Сүхбаатар нийслэлийн орон сууцны бодлого, тэр дундаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажлын нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр “...Бид Улаанбаатар хотод хэрэгжих түрээслээд өмчлөх орон сууцны бодлого, журмыг боловсруулан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ төрлийн орон сууцны эрэлт хэрэгцээ нийслэлчүүдийн дунд их байдаг. Бидний хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийн дутагдалтай байгаа учир албан хаагчдын чадавхыг дээшлүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллах хүсэлтэй байна…” гэлээ.
БНСУ-ын Хотын судалгааны хүрээлэн болох Хан-А институтын дэд дарга Мин Бом Шиг “...Бид Монгол Улсад зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх явцдаа нийслэлийн орон сууцжуулах бодлого, тэр дундаа түрээсийн орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой хэрэгжиж буй арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж байна. Манай улсад орон сууцны төлөвлөлтийг хотхон, хорооллоор нь хийдэг. Том хэмжээний төлөвлөлтөөс гарсан ашгийг эргээд түрээсийн орон сууцад зарцуулдаг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ашгаар нь түрээсийн орон сууц барьдаг. Энэ хоёр загварт төвлөрч зөвлөх үйлчилгээ хийхээр төлөвлөж байна. Үүнд төрийн өмчийн хэрэгжүүлэгч газруудын оролцоог идэвхжүүлэх, илүү үр бүтээлтэй ажиллах чиглэлд хандуулах нь зүйтэй гэж бодож байна” гэв.
Мөн тэрбээр орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ганцхан сайн бодлого байгаад хангалтгүй. Улс төрийн шийдвэр гаргах, хууль эрх зүйн орчны тогтвортой дэмжлэг байхгүй бол орон сууцны бодлого амжилттай хэрэгждэггүй. Солонгосын хувьд бага, дунд орлоготой иргэдийг түрээсийн орон сууцаар дэмжих талаар хууль эрх зүйн маш тодорхой зохицуулалт байдаг. Бид энэ талаар Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ИТХ-д танилцуулга хийнэ хэмээн ярилаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ