logo
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Лаос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагатай уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Лаос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагатай уулзлаа

2023/03/17

Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагатай уулзаж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрөгч онд тохиосныг дурдаж, түүхт ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд талууд идэвхтэй ажилласныг онцоллоо. 

Энэ үеэр мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол, Лаосын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, аяллын маршрут боловсруулах, хамтарсан аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар саналаа илэрхийллээ. 

Лаосын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагагийн зүгээс хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх харилцааг ямагт эрхэмлэдэг гэдгээ тэмдэглээд Лаос-Хятадыг холбосон хурдны төмөр зам ашиглалтад орсноор хоёр улсын харилцаа илүү ойртож, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа өргөжихийг онцолсон юм.

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтад 120 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагын 1100 гаруй төлөөлөгч, ажиглагчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш