logo
Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуэртэ Пачекотой уулзлаа

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуэртэ Пачекотой уулзлаа

2023/03/20

Бахрейны Хаант Улсын нийслэл Манама хотод Олон Улсын Парламентын Холбооны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол Улс, Олон Улсын Парламентын Холбоонд 1962 онд гишүүнээр элсэж, 1992 оноос байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжих эхлэл тавигдсан юм.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко болон Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нартай уулзаж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн талаар санал солилцов.

Энэ удаагийн хурлаар “Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж, “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдэлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентын оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Манамагийн тунхаглал баримт бичгийг гаргалаа.

Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн хурлаар Олон Улсын Парламентын холбооны 147 дугаар Ассамблейн чуулга уулзалтыг Бүгд Найрамдах Ангол Улсад зохион байгуулахаар тогтлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш