logo
Ч.Сугармаа: Жолооч, тээвэрчид ээ, амьдрал залгуулдаг авто замаа хайрлая

Ч.Сугармаа: Жолооч, тээвэрчид ээ, амьдрал залгуулдаг авто замаа хайрлая

2023/03/21

Зам,тээврийн хөгжлийн яамны АЗБХЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаагаас тодрууллаа.

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын засвар, арчлалтад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Замын засвар арчлалтад шинээр зам барихаас илүү анхаарах ёстой байдаг. Замын эвдрэл, хагаралд даац хэтрэлт хамгийн их үр нөлөө үзүүлдэг. Яамны зүгээс авто замд нэмж эвдрэл гаргахгүй байх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд дээрх чиглэлийн замуудад даац хэтрэлтийг хянаж, стандартын дагуу тээвэрлэлтийг явуулах шаардлагатай. Мөн хяналт, шалгалтын ажил тогтмол хийгдэж байгаа төдийгүй цаашид урсгал засвар арчлалтаа тогтмол чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тээвэрчид, аж ахуйн нэгж, ачаа илгээгч, хүлээн авагч нар ч хариуцлагатай байж, даац хэтрүүлэлгүй зорчин авто замаа хайрлахыг уриалж байна.

-Улсын чанартай авто замын засвар, арчлалт хийх төсөв, санхүүжилт хэрхэн шийдэгддэг вэ. Энэ талаар тодруулбал?

-Улсын чанартай авто замын засвар, арчлалыг улсын авто замын сангаас санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, авто замын сангийн нэг эх үүсвэр нь Улсын төсөв юм. Замын засвар арчлалтад жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг ч нийт улсын чанартай авто замаа засварлахад хангалттай хэмжээнд хүрэлцдэггүй. Тэгэхэд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэж, авто замаа эвдэж байгаа нь эргээд төсвийн мөнгөө л салхинд хийсгэж байгаатай ялгаагүй юм.

-Дундговь аймгийн замын эвдрэл гэмтэлд нийт хэчнээн төгрөг зарцуулсан бэ? 2023 онд хэчнээр төгрөгийн санхүүжилтээр засварлахаар байгаа бол?

-Тухайн замд эвдрэл гарсан шалтгаан нь мөн л дээр хэлсэнчлэн даац хэтрэлт шүү дээ. Ихэвчлэн миддлинг буюу шахмал түлш тээвэрлэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлж замаа эвдсэн. 2023 онд улсын төсөвт тусгагдсан хэсэгчилсэн их засварын ажилд А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд 7.1 тэрбум төгрөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн замд 3.4 тэрбум сая төгрөг төсөвлөсөн.

Урсгал засвар арчлалтаа сайн хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллана. Замын эвдрэлтэй хэсгүүдийг засварлахаар 2022 онд “Эм Ай Эл” ХХК-иар их засварын хэсэгчилсэн нийт 90 км авто замын зураг төслийг боловсруулсан.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш