Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
-Ойн өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж байна. Тэр дундаа манай улс анхаарлын тэмдэг авах хэмжээнд очсон. Бидний үр хүүхдүүд цаашид ямар орчинд, ямар нийгэмд үлдэх вэ гэдгийг бид өнөөдөр нухацтай бодох ёстой.
Өнгөрсөн 80жилийн хугацаанд Монгол улс 2,25 хэмээр дулаарчээ. Энэ үйл явц зогсохгүй үргэлжилбэл 2100 он гэхэд 4-4,5 хэм хүртлээ дулаарах тооцоо гарсан.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн чухал салбар бол ой. Жилдээ ганцхан өдөр бид ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэтэл өнөөдөр бидэнд өдөр бүрийг ойн өдөр болгох шаардлага тулгарсан байна. Ялангуяа энэ ойн өдрөөр бид сайн сайхныг гэхээсээ илүү болж бүтэхгүй байгаа тулгамдсан асуудлуудаа ярилцах хэрэгтэй.
Тулгамдаж байгаа асуудлууд дээрээ гарц, шийдэл олоод үлдсэн 364 өдөртөө хэрэгжүүлдэг байхын төлөө ажиллах ёстой. МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих асуудал биш, дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах.
2022 оны тавдугаар сард хийсэн судалгаагаар 737 мянган га газар ойн хөнөөлт шавжид идэгдсэн гэх харамсалтай тоо гарсан.
Бид нэг талд тэрбум мод тарих тухай асуудлыг хөндөн ярьж байхад нөгөө талд тэрбум залуу мод үхэж, үгүй болох асуудал хөндөгдөж байна.
Үүнийг бид нуух хэрэггүй. Хөнөөлт шавжаас гадна хушин ой, самрын бизнестэй холбоотой ой мод сүйдэж байгаа маш том асуудал бий. Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно гэдгийг анхааруулъя.
Байгаль орчны асуудлуудыг тус тусад нь авч үзэх ямар ч боломжгүй. Бүгд хоорондоо харилцан шүтэлцээтэй. Тийм учраас та бүхнийг ойн зөвлөгөөн дээрээ маш үр дүнтэй санал, шийдлүүд гаргах байх гэж хүлээж байна.
Хот суурин дахь ногоон байгууламжийн асуудлыг ч орхигдуулж болохгүй. Бид амьдарч байгаа орчноо ногооруулахгүй бол хэн ч бидний орчныг өөрчлөхгүй шүү.
Модгүй бол усгүй. Усгүй бол хөрсгүй. Хөрсгүй бол хүнсгүй. Хүнсгүй бол амьдрал үгүй. Харангадаж, ангаж, өлсөж үхэхгүйн тулд бүгдээрээ ойгоо аварцгаая гэж Ойн газраас мэдээллээ.