Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад “Миний 5 настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, мөн тус дүүргийн 21 дүгээр хорооны захиргаа, 74 дүгээр сургууль, 116 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй уул орчмоор самналт хийж, энэ сарын 20-ний өдрийн 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны төвөөс 4 км орчим зайд уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.