Швейцар улсын санхүүгийн зохицуулагч байгууллага 12 банкийг шалгаж, хоёр банкинд нь олон жил төв банкны даргаар ажиллаж байсан Риад Саламегийн авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж даваа гарагт мэдэгдлээ.
Ливан улсын эрх баригчид олны анхаарлыг татсан хэргийг олон сараар хойшлуулсны эцэст Салеме, түүний дүү Ража болон түүний туслахуудын нэгийг мөнгө угаасан, завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хэргээр пүрэв гарагт буруутгасан юм.
Саламе ба түүний дүү энэ үйл явцын туршид буруутай үйлдлээ няцааж байсан. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ хэлэхийн зэрэгцээ шалгаж байгаа явдал нь "яллах дүгнэлт биш" гэж мэдэгдээд, шүүхийн журмыг дагаж мөрдөхөө амлажээ.
Саламе болон түүний дүү Ража нар 2002-2015 оны хооронд Төв банкнаас 300 гаруй сая доллар завшсан эсэхийг Ливан улс 18 сарын турш шалгасны үр дүнд буруутгаж байгаа юм.
Швейцарийн Санхүүгийн зах зээлийн хяналтын газар (СЗЗХГ) уг хэрэгтэй холбоотой мөнгө угаасан гэх хэргээр 12 банкийг шалгаснаа даваа гарагт мэдэгдлээ.
"Ливан улсын хувьд СЗЗХГ ойролцоогоор арав гаруй банкинд шалгалт хийсэн ба эдгээрээс хоёрт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв.
СЗЗХГ нь банкинд гарсан доголдлыг илрүүлж, юу нь буруу болсныг тогтоох, цаашид мөнгө угаахтай холбоотой журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг тогтоох зорилгоор гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлдэг.
Ноцтой тохиолдолд СЗЗХГ нь банкуудад арга хэмжээ авч, гэмт хэргийн шинжтэй зөрчилд сэжиглэгдсэн тохиолдолд Швейцарийн холбооны прокурорт шилжүүлж болно.
СЗЗХГ энэ хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөн чанар болон холбогдох банкуудын талаар тайлбар өгөхөөс татгалзсан.
Ах дүү Саламе Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй оффшор компани Форри Ассосиэт -ээр дамжуулан Швейцарийн банкны данс руу 330 сая ам.доллар шилжүүлсэн гэж Швейцарийн СоннтагсЦайтунг сонин мэдээлэв.
Мөн Европын холбооны хэд хэдэн оронд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад их хэмжээний мөнгө зарцуулсан гэж мэдээлсэн.
Эйч Эс Би Си банкны Женевийн салбар дахь Ража Саламегийн хувийн дансанд 250 сая долларын орлого орсон гэж тус сонинд бичжээ. Бусад мөнгийг ЮБС, Кредит Сюсси, Жулиюс Баер, ИФЖ, Пиктет зэрэг банкинд байршуулсан гэж нэмж мэдээлсэн.
Жулиюс Баер, ЮБС, Эйч Эс Би Си, Кредит Сюсси зэрэг банкууд Ройтерс агентлагт тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: https://www.reuters.com