УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан дунд болон богино хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултаар нэгдсэн хуралдаан үргэлжилэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Засгийн газрын тусгай 13 сан бий. Экспортыг дэмжих, импортын бараа, бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад сангуудыг багасгах бодлого байгаа эсэх, төрийн өмчийн компаниудын хяналт тавих иргэдийн оролцоог сайжруулах талаар ямар арга хэмжээ авах вэ, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа.
Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын тусгай сангуудад тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, шалгалт орж цэгцэлсэн. Сангуудын талаар төсвийн гүйцэтгэл орж ирэх үед аудит хийгддэг учраас тодруулж асууж болно. Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үед, эсвэл төсөв өргөн мэдүүлэх үед эдгээр санд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай эсэх талаар ярилцахад сангийн талаар тодорхой хариулт авах боломжтой.
Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажиллах нь зөв байх гэж бодож байна. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хариуцлага тооцож, хянаж ажиллаж эхэлсэн гэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дарханы замын бүтээн байгуулалтад 90 мянган тонн цемент орсон. Гэтэл цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонныг авсан байна. Өөрөөр хэлбэл, 36 мянган тонн цемент хаашаа явсан бэ, хоёрдугаарт, Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалт ямархуу шатанд явж байна вэ, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангана гэж заасан. Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллах үеэрээ өвлийн хүлэмж, зоорь шийдвэрлэж өгнө гэсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ гэж асуув.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд, 90.2 тонн цемент авч ашигласан. Гэвч 126 мянган тонн цементын асуудал өчигдөр ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсан. Бид хянаж, шалгаж байна. Эргээд асуудлыг тодруулья гэв.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох 3 яамны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ямар ч байсан төр дэд бүтцийг гүйцэтгээд үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн чиглэлтэй явж байна. Орхон суманд зоорийг улсаас барьж өгөх боломжгүй. Харин Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас зоорь барьж байгуулахад хөнгөлттэй зээл олгож байгаа гэв.
УИХ-ын гишүүн Н.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн нэлээн хэдэн төсөл хэрэгжсэн. Тэгэхээр хичнээн хүнийг ажлын байраар хангав, хичнээн хүнийг ядуурлаас гаргасан бэ, гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажил сайн явахгүй байна. Яармагт гэхэд 268 га газрыг чөлөөлсөн. Гэвч иргэд нь орон сууцаа хүлээгээд удаж байна. Энэ ажлыг хэрхэн ургашуулах вэ зэрэг асуултыг асуув.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд 28 байршилд 18843 нэгж талбайд газар чөлөөлөлт хийж, 148 мянган айлын орон сууц баригдахаар баталсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны асуудал бэрхшээл учирсан учраас цаашдаа орон сууц барих хүнд болсон. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шинэ үүсвэрийг бүтээн босгохгүйгээр орон сууц барих боломж хязгаарлагдаж байна гэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр, 2022 онд 111 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 85 мянган иргэн хамрагдаж, 40 орчим мянган иргэний ажлын байр хадгалагдсан. 30 мянган иргэнийг ажилд зуучилсан гэсэн юм. Ийнхүү Засгийн газрын гүйцэтгэлийн хэрэгжилт, тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.