Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хос медальтай ирсэн. Тухайлбал, 48 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг мөнгөн медаль, 54 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн билээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тамирчдыг МҮОХ-ны "Алтан Очир" одон, мөнгөн шагналаар, дасгалжуулагчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Еркин, тамирчдын сэтгэлзүйч Б.Золзаяа нар байлцав.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр амжилт гаргасан тамирчдад баяр хүргэхийн зэрэгцээ дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэв. Мөн эмэгтэй тамирчдаа дэмжиж, ивээн тэтгэх байгууллага олж өгөх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр энэ жилийн ДАШТ-ий шагналын сан өндөр байсан болохоор шилдэг тамирчид бүгд ирснийг онцолж, олимпын эрх олгох чухал тэмцээнүүд манай тамирчдыг хүлээж байгааг хэлэв.
ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн Л.Алтанцэцэг “Миний хувьд тав дахь ДАШТ-дээ оролцоод медаль авлаа. Өмнө нь 2016 онд медалийн төлөө өрсөлдөөд ялагдаж байсан. Тэр үеэс хойш дэлхийгээс медаль авах боломжтой юм байна гэдгээ мэдэрсэн. Одоо биднийг Азийн наадам гэсэн маш чухал тэмцээн хүлээж байна. Энэ тэмцээнээс Парисын олимпын эрх олгоно. Азийн наадамд амжилттай оролцож, олимпын эрхээ авахыг хүсэж байна” гэв.
Түүнчлэн хүрэл медалийн эзэн М.Энхжаргал “Би анхны ДАШТ-дээ ороод медаль хүртсэндээ маш их баяртай байна. ДАШТ-ий бэлтгэлд гараад байхад медаль их л ойрхон юм шиг санагдаад байсан. Анхны тулаануудаа хийгээд эхлэхээр надад боломж байгаа гэдэгт улам итгэлтэй болсон. Одоо ингээд дэлхийн медальт тамирчин болсон учраас цаашаа илүү хичээх ёстой гэдгээ ойлгож байгаа” хэмээн ярилаа.