Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Булигаар” ХК, “Бест шүес” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
“Булигаар” ХК нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэд боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг. “Бест шүес” ХХК нь арьсан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн шилдэг техник технологиор чанартай, хямд гутал үйлдвэрлэж, 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
Тус компани төрийн худалдан авалтаар дэмжих, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж, шударга өрсөлдөх боломжийг бий болгох хүсэлтэй байгаа илэрхийллээ.
Мөн үйлдвэрт ирж буй арьс гэмтэл ихтэй, малын гаралтай халдварт өвчин, нядалгааны үеийн механик гэмтэл зэргээс шалтгаалж нийт арьсны 30-50 хувь нь стандартын шаардлага хангадаггүй зэрэг нь арьс ширний үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудал болж байна. Тиймээс малын эрүүл мэндэд илүүтэй анхаарах, стандартын шаардлага хангасан нядалгааны газартай болох, үйлдвэр өргөжиж, олон төрлийн бүтээгдэхүүн гаргах, кластераар үйлдвэрүүдээ хөгжүүлэх, цаашлаад олон улсад ч өрсөлдөх боломж бүрдэнэ хэмээн үйлдвэрлэгчид хэлж байсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ