logo
Монгол Улс,  Уругвай Улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Уругвай Улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

2023/04/17

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Төлөөлөгчдийг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, уругвайн талаас Гадаад харилцааны дэд сайд Николас Альбертони нар ахлан оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Уругвайн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2022 онд тохиосныг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Цаашид хоёр талын хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолж, чингэхдээ, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёл, спорт зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх, хөдөө аж ахуй, тэр дотроо мал аж ахуйн салбарыг хамтын ажиллагааны тэргүүлэх салбараар тодорхойлж, Уругвайн мал, амьтныг бүртгэлжүүлэх, тогтолцоог бий болгосон туршлага, холбогдох хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, зохицуулалтыг судалж хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.

Түүнчлэн хоёр улсын нийслэл хотуудын хооронд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, санамж бичиг байгуулсантай холбогдуулан, улсынхаа нийгэм, эдийн засаг, соёлын төв болсон нийслэл хотуудын харилцааг хөгжүүлэх, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.

Сэтгэгдэлүүд

Дээш