logo
ХНХЯ: Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө батлагдлаа

ХНХЯ: Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө батлагдлаа

2023/04/19

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг салбар яамдад шилжүүлсэн. Үүний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газар түүний харьяа байгууллагууд  2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын салбар дундын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлд заасны дагуу 2023 онд хийх хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах 3 шалгуур үзүүлэлтээр 26196 объектыг эрсдэлийн үнэлгээнд хамруулж, мэдээллийн сан бүрдүүлж ажиллалаа.

Үнэлгээнд хамрагдсан обьектоос хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй  6563 обьект /25.1 хувь/ нь эрсдэл их , 12633 обьект /48.3 хувь/ нь эрсдэл дунд үнэлэгдсэн байна. Эрсдэл үүсэх магадлал багатай 7000 обьект /26.7 хувь/-ыг төлөвлөгөөт хяналт шалгалтаас чөлөөлж, мэргэжил , арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.   

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын төлөвлөгөөг яамны бодлогын зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан объектын эрсдэлийн ангиллыг харгалзан Засгийн газрын 2023 оны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 79 дүгээр тогтоолоор батлууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/42 тоот тушаалаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 2413 объектод хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр батлуулсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах нийт объектын 30.6 хувь нь барилга, зам тээвэр, 28.9 хувь нь боловсруулах үйлдвэр, 19.4 хувь уул уурхайн салбарын аж ахуй нэгж, байгууллага байна.

Мөн энэ онд барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш