logo
ХЗБХ: Байнгын хорооны тогтоолуудыг батлав

ХЗБХ: Байнгын хорооны тогтоолуудыг батлав

2023/04/19

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.

Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

Дээрх хугацаанд тус Байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар зарим асуудлыг тодруулж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжиж, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав.

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжснээр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш