logo
ЭМЯ: Цар тахлыг урьдчилан таамаглах боломжгүй тул бэлэн байдлаа хангах шаардлагатай

ЭМЯ: Цар тахлыг урьдчилан таамаглах боломжгүй тул бэлэн байдлаа хангах шаардлагатай

2023/04/19

ХӨСҮТ нь ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, БШУЯ, УОК, ХӨСҮТ, ГЕГ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг 12 байгууллагатай хамтран "Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамжийг шинэчлэн боловсруулах, цар тахлын үеийн нөөцийг тооцох нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, дасгал сургуулилалтыг энэ сарын 18-наас эхлэн зохион байгуулж байна.

Дөрвөн өдрийн хугацаанд үргэлжлэх сургалт, дасгал сургуулилалтыг ДЭМБ-ын Женев дэх төв оффисын мэргэжилтэн Хитеш, Австралийн Үндэсний их сургуулийн дэд профессор, доктор Беверли нар чиглүүлэн зохион байгуулж байгаа юм.

Сургалт, дасгал, сургуулилалтын талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа "ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр томуугийн дараагийн болзошгүй цар тахлын үеийн бэлэн байдлыг хангахын тулд гаргах төлөвлөгөө, нөөцийн тооцоолол хийх, ор хэрхэн дэлгэх, эмнэлгийн бусад хэрэгсэл, багаж, оношлуурын тооцоог хэрхэн хийх гэх мэт маш чухал асуудлаар сургалтыг зохион байгуулж байна.

Дэлхийн томуу судлаачид томуугийн болзошгүй цар тахал хэзээ ч гарах магадлалтайг тэмдэглэж, цар тахлын үеийн бэлэн байдлыг ханган ажиллахыг зөвлөмж болгож байна. Учир нь КОВИД-19 цар тахлын үед улирлын томуу болон шувууны томуугийн вирусийн шалтгаант хүний халдварын тоо эрс буурсан хэдий ч зэрлэг, гэрийн тэжээвэр амьтдын дунд томуугийн вируст халдварын дэгдэлт нэмэгдэж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд ойрхон байгааг мэдэгдсээр байна.

Болзошгүй цар тахлын хэзээ эхлэх болон хэр удаан үргэлжлэх, түүнээс үүдэлтэй хор хохирлыг урьдчилан таамаглах боломжгүй тул улс орнууд бэлэн байдлаа хангах, тандалтын тогтвортой байдал хариу арга хэмжээний төлөвлөгөөтэй байх шаардлагатай байгаа ба манай улс цар тахлын сургамжиндаа суурилан төлөвлөгөөгөө шинэчилж байна.

Болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх, олж авсан мэдлэг, туршлага, сургамжиндаа суурилан бэлэн байдлыг хангах, чадавхаа нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хариу арга хэмжээг нарийвчлан төлөвлөх, томуугийн тандалтын тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллах асуудал чухлаар тавигдаж байна.

Иймээс энэхүү дасгал сургуулилалтын хүрээнд тулгамдсан асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, санал, санаачилга бүхий төлөвлөгөө гаргах, шинэчлэн боловсруулагдах ба ДЭМБ-ын зөвлөмжийг тусгана" гэв.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул дэлхий нийтэд олон төрлийн цар тахал гарч байсан бөгөөд ихэнх цар тахал нь томуугийн вирустэй уялдаа холбоотой байгааг онцлоод коронавирусний цар тахал нь үүний нэг жишээ тул цар тахлын бэлэн байдлыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь лабораторийн оношилгоо гэдгийг хэлж байлаа.

Лабораторийн оношилгоо буюу молекул, биологийн нарийн оношилгоогоор шинэ болон дахин сэргэж буй цар тахлын халдвар үүсгэгчийг олж тогтоодог. ХӨСҮТ нь лабораторийн оношилгооны арга, аргачлалыг сайжруулах, хөгжүүлэх, боловсон хүчнийг сургах тал дээр анхаарч ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш