“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын багийн ахлагч нарын хурал “Туушин” зочид буудалд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Зүүн Азийн бүс нутагт хамаарах есөн Үндэсний олимпийн хорооны төлөөлөл оролцож байна.
Хурлын үеэр наадмын бэлтгэл ажлын явцыг танилцуулж, оролцогчдод зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Тухайлбал, хурлын эхний өдөр спортын төрөл, барилга байгууламж, бүртгэл, байрлах зочид буудал, сайн дурын ажилтнууд, тээвэр, аюулгүй байдал, хоол хүнсний талаар мэдээлэл өгнө.
Харин маргаашийн хурлаар нээлт, хаалтын ёслол, допингийн шинжилгээ, тасалбарын борлуулалт, соёлын хөтөлбөрийн талаар танилцуулахаас гадна хөлбөмбөг, волейболын спортын сугалаа явагдах юм.
Зүүн Азийн залуучуудын II наадам ирэх наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 11 төрлөөр зохиогдох билээ. Наадмын хөтөлбөрт сагсан бөмбөг (3х3 болон 5х5), хөлбөмбөг, волейбол, бадминтон, ширээний теннис, электрон спорт, таеквондо, хөнгөн атлетик, жүдо бөх, чөлөөт бөх, боксын спорт багтаад байна.