logo
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

2023/04/24

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.  Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. 4-6 хэм дулаан байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 25-наас дөрөвдүгээр сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш