logo
Нийгмийн түншлэл хамтын хэлэлцээрийн талаар санал солилцлоо

Нийгмийн түншлэл хамтын хэлэлцээрийн талаар санал солилцлоо

2023/05/03

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2024 оны Улсын хэлэлцээрийг байгуулахын өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтран түншлэгч талууд байр сууриа илэрхийлэх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, яамны удирдлагууд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга, анхан шатны хороодын тэргүүлэгч 100 гаруй хүн оролцлоо.

Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангийн хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаарх илтгэл мэдээллийг ХЭҮК-ийн гишүүн, доктор Д.Сүнжид танилцуулж, оролцогчид нөхцөл байдал, тулгамдсан болон анхаарах асуудлын талаарх саналуудаа сайдад уламжилж, тодорхой асуултуудад хариулт авлаа.

Тэд хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц зэрэг олон асуудлыг хөндөж, хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой саналуудаа дэвшүүлсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, улсын хэлэлцээрт баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлох, хөдөлмөрлөх эрхийг хангах, зохистой хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлын талаарх гарц шийдлийг хэлэлцэхэд түншлэгч талуудтай зөвшилцөн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтаар талууд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй гэрээ хэлэлцээг хийх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ гэж ХНХЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш