logo
С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын хүний нөөц, цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийлээ

С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын хүний нөөц, цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийлээ

2023/05/03

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, эрүүл мэндийн салбарт нийт 63340 хүн ажиллаж байгаагийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд, 24.7 хувь нь эмч байгаа талаар дурдаад, манай улсад эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу нэг эмчид нэг сувилагч оногдож байна гэсэн юм. Энэ үзүүлэлт олон улсын жишигт 1:3 буюу нэг эмчид гурван сувилагч оногддог талаар тайлбарлаад, 2022 оны байдлаар манай улсын 10 000 хүн тутамд 189.6 эрүүл мэндийн ажилтан оногдож буйн 41.8 нь сувилагч, 41.9 нь эмч байгааг судалгаа, статистик эш татан танилцуулсан юм.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалт явуулж буй 14 их, дээд сургуулийг 2022 онд төгсөгчдийн 52.0 хувийг их эмч, 20.8 хувийг эм зүйч, 22.5 хувийг сувилагч, эх баригч, 3.7 хувийг эм найруулагч,1.02 хувийг хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч эзэлж байна. Цаашдаа эмч, мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилж, чанаржуулах шаардлагатайг сайд тэмдэглээд, зарим хувийн сургуульд ердөө нэг анги хичээллэж байгааг жишээлэн дурдав.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2200 орчим резидент эмч төгсөлтийн дараах сургалтад суралцаж буй бөгөөд төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад суралцагчдын тоог аймгуудын саналд үндэслэн тогтоож, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байна. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн төгсөгдчөөс 350 орчим хүн гэрээнийхээ дагуу захиалга өгсөн орон нутагтаа очиж ажиллахгүй байна гэсэн судалгаа гарчээ.

Анхан шатны буюу сумын эрүүл мэндийг төвүүдэд сувилагчийн хэрэгцээ хамгийн өндөр байгааг сайд мэдээлэлдээ дурдаад, сувилагчдыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авч байгаа ч өргөн цар хүрээтэй болж чадахгүй байна хэмээгээд Өвөрхангай аймагт хоёр жилийн хугацаатай дипломын сувилагч бэлтгэж байгаа болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй үйлчлэгч, бусад туслах ажилтан, бүрэн дунд боловсролтой иргэдээс туслах сувилагч бэлтгэж байгаа талаар танилцуулсан юм. Мөн эмчийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг ч дурдлаа. Салбарын төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, харьяа газруудын боловсон хүчний томилгоо ихээхэн удаашралтай байгаа нь мөнхүү хүндрэл үүсгэж буйг ярив.

Эдгээрийн зэрэгцээ томоохон эмнэлгүүдийн бүтцийг шинэчлэн баталж, мөрдүүлэх, боловсронгуй болгох шаардлагатайг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдаж, Эрүүл мэндийн тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд яамдаас санал авч, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгааг онцолж, хуулийн төсөлд төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулахаар тусгасныг дэмжиж өгөхийг хүсэв.

Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний сан 2016 оноос өнөөдрийг хүртэл үндсэндээ хоёр дахин нэмэгджээ. Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалингийн доод жишгийг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний дундаж хэмжээ 1.5 сая төгрөг байна. Үүний дотор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын цалингийн дундаж 2.3 сая төгрөг буюу салбартаа хамгийн өндөр байгаа аж. Харин сумдын эрүүл мэндийн төвүүдийн цалингийн дундаж 1.2-1.4 сая төгрөг байна. Иймд сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар, үйлчилгээний ажилчдын цалинг энэ оны долдугаар сараас 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Цаашид холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлтүүдийг оруулж, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эмнэлгийн удирдлагуудыг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарт эрсдлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, байгууллагын болон мэргэжилтний хариуцлагын даатгал бий болгох талаар Санхүүгийн зохицуулах хороотой, мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэх, эмч, сувилагчийн харьцааг 1:3 болгож бэлтгэх, сургалтын орчныг сайжруулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай тус тус хамтран ажиллах байгаагаа тэрбээр танилцуулав. Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар сувилагч бэлтгэж буй бодлого, сургалтын тогтолцоо, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгаа, орон сууцны хангамж, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, боловсон хүчний дутагдалтай байдалд орсны шалтгаан, түүнийг арилгах боломж, эрүүл мэндийн анхан шатны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, тэднийг чадавхжуулах, салбарын хүний нөөцийн бүртгэл, цахимжилт, төгсөлтийн дараах сургалтын зарчим, санхүүжилт, чиг хандлага зэрэг олон асуудлаар асууж хариулт авав. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар хариулт өгөв.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 80 жилд бэлтгэгдсэн нийт боловсон хүчний 90-ээс дээш хувийг 1942 онд байгуулагдсан АШУҮИС бэлтгэсэн бөгөөд сүүлийн таван жилд тус сургуулийн элсэгчдийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд явж буй бол төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт Эрүүл мэндийн сайдад харьяалагдаж байна. Үүнээс болж боловсон хүчнийг салбарын хэрэгцээнд суурилж бэлтгэх бодлого алдагдаж, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн харьцаа ихээхэн алдагдаад байгаа юм. Иймд Дархан-Уул аймаг дахь АШУҮИС-ийн харьяа сургуулийн зөвхөн сувилагч бэлтгэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш