logo
Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна

Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна

2023/05/05

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэр Долоон буудал орчимд шинээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганхүү хэлэлцүүлсэн юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотыг найман бүс, 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Хойд бүсийн Сэлбэ дэд төв есдүгээр нэгж хороололд хамаарна. Тус дэд төвийг нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах зорилгоор байгуулсан.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан, холбоо, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг хийсэн юм. Харин өдгөө Долоон буудал орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил болгохоор санал орууллаа. Дээрх байршилд 2082 нэгж талбар хамрагдаж байгаа юм.

Зөвлөлийн гишүүд мэдээллийг ил тод болгож, иргэд хохирох, залиланд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш