Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно.
Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг албан ёсоор тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтын хэрэглээний судалгаа, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/904 дүгээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” албан бичгийн дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдээс гаргасан саналыг танилцуулна.
Ард түмний олонхийн засаглал намын хаяг болон е-майл хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай, Монголын Либерал Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэнэ.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх