УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу УИХ-ын гишүүд ажиллаж байна.
Булган аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийллээ
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад ажиллаж, тойргийн иргэд сонгочдодоо Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг холбогдох судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Төслөөр иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Уулзалтад оролцсон иргэд дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан иргэдийн байр суурийг сонсож, саналаа илэрхийлж байв. Үргэлжлүүлэн тэрбээр энэ сарын 12-ны өдөр Булган аймгийн Сайхан, Баян-Агт суманд, 13-ны өдөр Тэшиг, Булган суманд, 14-ний өдөр Бугат суманд тус тус ажиллаж, иргэдэд төслийн талаар танилцуулж, саналыг авч ажиллана.
Хөвсгөл аймгийн иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулав
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр Тариалан суманд ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ. Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан иргэдийн байр суурийг сонсож, саналыг авав. Үргэлжлүүлэн тэрбээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Их-Уул, Мөрөн сум болон Хатгал тосгонд ажиллахаар төлөвлөсөн байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ажиллаж байна
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Завхан аймгийн иргэдэд танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан зохион байгуулж байна. Тэрбээр энэ өдрүүдэд Их-Уул, Тэлмэн, Идэр, Түдэвтэй суманд ажиллажээ. Төсөл дэх УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоотой болгох өөрчлөлт, төлөөллийн чадавхийг бэхжүүлэх үүднээс нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг багтаах агуулгаар парламентыг өргөтгөж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй холбогдуулан иргэд саналаа илэрхийлсэн байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Архангай аймгийн иргэдэд танилцуулж, саналыг нь авав
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймагт ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тэрбээр Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Уулзалтад оролцсон иргэдийн зарим нь УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөхтэй холбоотой төслийн зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Сэлэнгэ аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийллээ
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Түнхэл, Хэрх, Бугант тосгон, Ерөө, Хүдэр, Жавхлант сумдад ажиллан иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг холбогдох судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл багасах ач холбогдолтой гэдгийг Ж.Эрдэнэбат гишүүн тайлбарласан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, судалгаа мэдээллийг танилцуулсны дараа уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд төслийн талаар байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг хэлсэн байна.
Дорноговь аймагт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ажиллаж байна
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт ажиллаж байна. УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тус аймгийн Айраг суманд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахад 132 иргэн оролцож 70 орчим хувь нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Алтанширээ суманд болсон уулзалтад 100 гаруй иргэн оролцож, 90 хувь нь төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайхандулаан, Хөвсгөл, Хатанбулаг сумдад ажиллаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, холбогдох саналыг нь авч ажилласан байна. Үргэлжүүлэн Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн сумдад ажиллана.
Нийслэлийн зарим дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулав
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар тойрогтоо буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ажиллаж, улс орны нийгэм, эдийн засаг цаг үеийн нөхцөл байдлын талаар иргэд, сонгогчдодоо мэдээлэл өгөхийн хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж саналыг нь хүлээн авч ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар тойрогтоо буюу нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авч ажиллаж байгаа юм. Иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дэмжиж, хуульд иргэн бүрийн саналыг тусгах хэрэгтэй талаар хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүрэгт ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, иргэдийн саналыг авч байна. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 08-ны өдрөөс иргэд, сонгогчдынхоо уулзалтыг хийж эхэлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн 7-14 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцооны талаар байр суурийг нь сонсож, санал хүсэлтийг нь авч байгаа аж.
Уулзалтад оролцсон иргэд Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон, нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулж өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлж байжээ. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Я.Раднаа гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн байна. Иргэн Г.Оргилмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж санал хэлэхдээ гишүүдийн тоог нэмэхээр бол төрд дуу хоолойгоо хүргэх эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулах нь зүйтэй гэжээ. 10 дугаар хорооны иргэн Д.Жамбал сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн тоог 152 болгохыг дэмжиж байгаагаа илэрхийслэн бол мөн хорооны иргэн Д.Туяа Засгийн газраас өргөн өргөн барьсан төсөл дэх 152 гишүүнтэй болгох гэсэн судалгааны үндэслэлтэй тоог дэмжиж байна гэжээ.
УИХ-ын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.