Хуралд тусгай зөвшөөрөл эзэмшигч /ТЗЭ/ компанийн нийт 170 гаруй төлөөлөл оролцож, салбарын асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2022 онд 10.3 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 5.8 хувиар буюу 564.3 сая кВт.ц-аар нэмэгдсэн байна. Нийт хэрэглээний 79.1 хувийг буюу 8.18 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг дотоодын үйлдвэрлэлээр, 20.9 хувийг буюу 2.16 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авч хангажээ. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 748.9 сая кВт.ц болж дотоодын нийт үйлдвэрлэлийн 9.2 хувийг эзэлж байна. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оноос 1.28 сая Гкал буюу 8.5 хувиар нэмэгдэж 16.3 сая Гкал болсон.
Өнгөрсөн өвөл төвийн эрчим хүчний системийн цахилгааны оргил ачаалал 1474 МВт-д хүрч, дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажилласан. Улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийн суурь болсон эрчим хүчний хангамж, хүрэлцээ нь сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Эрчим хүчний өртөг зардалд нөлөөлж буй бодит хүчин зүйлс буюу сэлбэг материал, түлш шатахууны үнийн өсөлт, валютын ханш, хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт зэргийг харгалзан 2022 онд эхний алхам болгож үнэ тарифыг инфляцад огцом нөлөө үзүүлэхгүй байдлаар зохицуулж, аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тарифыг хэрэглээтэй уялдуулан 28 хувиар нэмэгдүүлээд байна.
Ингэхдээ аж ахуй нэгжийн цахилгааны үнэ тарифыг шатлалтай нэмэгдүүлэх нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ачаалал хамгийн бага байхаар тооцсон юм. Тодруулбал, 5000 кВт.цаг хүртэл хэрэглээнд цахилгааны үнийг 14 хувиар, түүнээс давсан хэрэглээний үнийг 28 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Ингэснээр хэрэглэгчид хэрэглээгээ хянаж, эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулах зохицуулалтыг өөртөө хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.
Эрчим хүчний салбарт томоохон чадлын эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу ойрын жилүүдэд эрчим хүчний хэмнэлтээр эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, хэмнэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үр дүнд хүрэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор үүсээд байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос дээрх хүндрэлтэй асуудлыг даван туулах, эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудал, боломж, гарц, шийдлийг хэлэлцэх зорилгоор 2022 онд “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг салбарын хэмжээнд зохион байгуулж хэмнэлтийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын чиглэлээ тодорхойлсон.
Улмаар “Хэрэгцээг удирдах” цогц арга хэмжээний санал, төлөвлөгөө боловсруулан Эрчим хүчний сайдаар батлуулж салбарын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх арга хэмжээний хүрээнд эрчим хүч хэмнэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, өвлийн оргил ачааллын цагуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, хэрэглэгч, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах замаар эрчим хүчийг хэмнэх дадал хэвшил бий болгох, хэрэглээний өсөлтийг хэмнэлтээр хангах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Цаашид ЭХЗХ-оос дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- “Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал”-д урамшуулалд суурилсан зохицуулалтын механизмыг тусгах,
- Дулаан түгээх, хангах ТЗЭ-дийн дулааны тарифыг тухайн ТЗЭ-ийн ачаалал, хэрэглэгчийн тоо, хүчин чадал, шугам сүлжээ, тоног төхөөрөмж зэрэг холбогдох хүчин зүйлүүдээс хамааруулан тооцох тогтолцоог бүрдүүлэх,
- Тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн ил тод, түргэн шуурхай хэрэгжүүлэх зорилгоор “E-license” цахим системийг бүрэн ашиглах,
- Улаанбаатар хотод дулаан хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулах Нэг худалдан авагчтай загварыг энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна.
Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг сайжруулах, эрчим хүчний хэмнэлтийг дээшлүүлэх зорилгоор айл өрхийн цахилгааны шатлан нэмэгдэх тарифын тогтолцоог бүрдүүлэх, ахуйн хэрэглэгчдэд цагийн ялгаварт 3 тарифын ангилал нэвтрүүлэх, дулааны тарифыг бүсчилсэн хэлбэрээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.