logo
Тусгай хамгаалалттай газруудад “Smart 7” мэдээллийн системийг бүрэн нэвтрүүлнэ

Тусгай хамгаалалттай газруудад “Smart 7” мэдээллийн системийг бүрэн нэвтрүүлнэ

2023/05/23
Тусгай хамгаалалттай газар нутгуудын байгаль хамгаалагчдын хяналт мониторингийн ажилд сүүлийн үеийн SMART хяналт бүртгэлийн системийг нэвтрүүлснээр үнэн, бодитоор орон зай, цаг хугацааны тодорхой давтамжтайгаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, хянах, мэдээллийг цуглуулж боловсруулах, дата бааз бий болох юм.
 
Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэй 2018 оноос эхлэн Мөнххайрханы БЦГ, Увс нуурын ай савын УТХГН, Хар ямаатын БНГ, Онон-Балж, Гутайн даваа-Хөмүүл голын эх БЦГ, Говийн Бага А болон Б дархан цаазат газар зэрэг УТХГ-уудын байгаль хамгаалагчдыг тусгай тоног төхөөрөмжөөр хангаж, SMART хяналт бүртгэлийн системийн сургалтыг тогтмол зохион байгуулж, дадлагажуулан, ажлын үр дүнг сар, улирлаар дүгнэн амжилттай туршсан.
 
Иймд энэ туршлагыг өргөжүүлэн бүх УТХГ-уудад SMART хяналт бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр дээрх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 34 тусгай хамгаалалттай газрын захиргаадын 54 мэргэжилтэнд сургалтыг зохион байгууллаа.
 
SMART хяналт бүртгэлийн систем нь УТХГ-ын хяналт шалгалтын мэдээллийг бүрэн хянах, БОАЖЯ дээр шуурхай төвлөрүүлэх, зөрчлийг богино хугцаанд шийдвэрлэх, эрсдэлтэй газруудыг тодорхойлж тусгайлсан хяналт, арга хэмжээ авах, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын ажлын үр дүнг дүгнэх боломжийг олгох буйгаараа давуу талтай.
 
Уг хяналт бүртгэлийн системийг дэлхийн 80 гаруй Улс оронд амжилттай хэрэглэж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш