Зам, тээврийн хөгжлийн сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевичид сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр улсын тээврийн салбарын түүхэн харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Талууд энэ удаагийн уулзалтаар авто зам, төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, Богд хаант төмөр зам болон манай хоёр улсын зам, тээврийн салбарт найрамдлын бэлэг тэмдэг болсон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич хэлэхдээ,
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик хүчтэй өөрчлөлтүүд явагдаж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажиглагдах болсон. ОХУ, БНХАУ-н хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрээд байгааг онцлоод, Монгол Улсын хувьд газар зүйн маш чухал байрлалд оршиж байгааг хэллээ.
Түүнээс гадна өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд авто зам барих асуудал хамгийн чухал төдийгүй энэ төрлийн бүтээн байгуулалтад тус улсын компаниуд оролцох сонирхолтой байгааг илэрхийлж байв.
Уулзалтын төгсгөлд талууд УБ-Москва чиглэлийн шууд нислэг болон Баруун, Зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, түүний эдийн засгийн үр өгөөжийн талаар санал солилцоод, дээрх чиглэлд шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэхээр ажлаа эрчимжүүлж байна гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн зүүн босоо буюу Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжсэнээр төмөр замаар нэвтрэх ачаа тээврийн эргэлт, хүчин чадал, экспорт, импортын урсгал нэмэгдэж, далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгаа өсгөх боломж гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ЗТХЯ