logo
Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ой тохиож байна

Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ой тохиож байна

2023/06/20

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 19 жилийн ойтогоо золгож байна.

2003 оны зургадугаар сард УИХ-аар “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг баталсанаар Монгол Улсад гамшгаас хамгаалах удирдлагын шинэ тогтолцоо бий болж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиг үүрэг бүхий орчин үеийн Онцгой байдлын алба бий болох эрх зүйн үндэс бүрэлдсэн юм.

Түүхийн энэ хугацаанд шинэ тутам байгуулагдсан Онцгой байдлын алба өөрийн чадавхаа бэхжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүч, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин өнөөдрийн дэлхийн жишигт хүрлээ.

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэг томоохон илрэл нь 19 жилийн хугацаанд 28,324 хүний амь нас, 816,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

  Онцгой байдлын байгууллагын түүхт 19 жилийн ойн энэ өдөр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулах алба сурталчлах өдөрлөг “Сүхбаатар”-ын талбайд болох бол ойн баярын хурлын арга хэмжээ НОБГ-т зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш