logo
Монгол Улсын хос бөхт тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа

Монгол Улсын хос бөхт тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа

2023/06/28

-Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэж, “Монгол Улсын хос бөхт тэмээ-хөгжлийн боломж, стратеги” зөвлөлдөх уулзалтаас зөвлөмж гаргалаа-

Монгол Улс дэлхийн хос бөхт тэмээний гал голомт гэдгийг онцлон, тэмээн соёл, уламжлалыг үнэ цэнэтэй хадгалах, тэмээг өсгөн үржүүлэх, тэмээний аж ахуй, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох эрх зүй, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах шаардлагыг стратегийн зорилт болгон, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэн, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийн үнэтэй санал, санаачилгыг дэмжин дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

1.Монгол Улсын хос бөхт тэмээний удмын санг хамгаалах, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, тэмээний үнэ цэнийг өсгөх, тэмээчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

2.Ингэний сүү, тэмээний ноос, буурын бохь зэрэг түүхий эд, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах, тэмээг өсгөн үржүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгох.

3.Ботго, торомны ноос, ингэний сүүний үйлдвэрлэлийг тооцоо судалгаатай, үнэ цэнийн сүлжээгээр нь экспортын чиг баримжаатай хөгжүүлэх, Монгол Улсын онцлог, харьцангуй давуу талд түшиглэсэн брэнд бий болгох, брэнд бүтээгдэхүүнийг экспортлох эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх.

4.Тэмээ судлал, тэмээний аж ахуй, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийг дэмжих, залуу судлаачдыг бэлтгэх, зах зээлийн судалгаа хийх, маркетинг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

5.Монгол Улсын Худалдааг дэмжих төслийн хүрээнд “Сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер” байгуулсан туршлагад үндэслэн “Ингэний сүүний кластер” байгуулах, энэ хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээ, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг өрнүүлэх.

6.Ингэний сүүний хүний эрүүл мэндэд үнэтэй шимт чанарыг харгалзан, үйлдвэрлэлийг нь дэмжих зорилгоор ингэний сүүнд мөнгөн урамшуулал олгох. 

7.Өмнөговь аймагт Тэмээний эмнэлэг, Тэмээ судлалын төв байгуулах санаачилгыг дэмжиж, төрөлжсөн мал эмнэлгийн үйлчилгээ, мэдлэг, арга туршлагыг бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэх. 

8.Тэмээ маллах, ашиг шимийг боловсруулах зэрэг соёлын биет болон биет бус өв, уламжлалт мэдлэгийг бүртгэх, дэмжиж дэлгэрүүлэх. 

9.Тэмээний уламжлалт соёлыг дотоод, гадаадад сурталчлан таниулах, тэмээн уралдаан, поло, тэмээний зан үйлд түшиглэсэн соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлэх.

10.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техник туслалцааны төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулсан Ингэний сүүний загвар хоршоо, Ханхонгор суманд байгуулсан хагас эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, дэвшилтэт арга туршлагыг бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх.

11.Байгаль, цаг уур, газар зүйн онцлогт тулгуурлан боломжит тэмээний үүлдэр, цөм сүргийн аж ахуй, ингэний сүү, торомны ноосны үйлдвэрлэлийг “Газарзүйн заалт” болон Дэлхийн хөдөө аж ахуйн уламжлалт өв соёлын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг судлах. 

12.Ази тивийн сүүний түншлэлийн бүсийн хэлэлцүүлгээс 2022 онд дэвшүүлсэн Дэлхийн хос бөхт тэмээний холбоог Улаанбаатар хотод байгуулах санаачилгыг дэмжих, хос бөхт тэмээтэй улс орнууд хоорондын олон талт хамтын ажиллагааг бүх түвшинд хөгжүүлэх, Монгол Улсын тэмээний салбарыг дэлхийд сурталчлах. 

13.Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад цаашид уламжлан тэмдэглэх, энэ өдрийн хүрээнд талууд хооронд үр дүнтэй хамтран ажиллах.

14.Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2024 оныг “Олон улсын тэмээний жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсад “Хос бөхт тэмээтэй орнуудын форум”-ыг зохион байгуулах, Олон улсын жилийг үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлнэ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш