logo
ЗГ: Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

ЗГ: Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

2023/07/27

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж, “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор даалгасан Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажлын явцыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.

Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахимжуулах ажлын хүрээнд цаасан хэлбэрээр олгож буй 85 зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх системийн бодлогын даалгаврыг бүрэн хийж дуусгасан, Зөвшөөрлийн нэгдсэн сангаас тусдаа буюу тухайн байгууллага өөрийн системээр олгодог 134  зөвшөөрлийг холбох техникийн зураглалыг гаргаж, системийн шаардлагыг боловсруулж дуусчээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт туссан 249 тусгай зөвшөөрлөөс цахимд шилжээгүй 85 зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд холбогдох хууль, тогтоомж, журам, дүрэмд өөрчлөлт оруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдэд холбох, системийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш