logo
Tийболын тэмцээний баг тамирчдад баяр хүргэв

Tийболын тэмцээний баг тамирчдад баяр хүргэв

2023/07/28

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ болон Tийболын тэмцээнд аваргын алтан цомын эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ.

Tийболын АШТ нь 2023 оны долоодугаар сарын 19-26-ны хооронд Япон Улсын Анан хотод болж, 35 баг хүчээ сорьсон. Манай улсаас 13 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг, 10 багш, дасгалжуулагчийн хамт оролцож, Монголын Tийболын шигшээ баг нэгдүгээр байранд шалгарч, аваргын алтан цомын эзэд болсон юм. Түүнчлэн Баянгол дүүргийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарчээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Япон Улсын Анан хотод зохион байгуулагдсан Tийболын тэмцээний аваргын алтан цомын эзэд болсонд баяр хүргэе. Монголын баг тамирчдыг оролцуулахад дэмжлэг үзүүлсэн Өргөмжит консул танд, танай хамт олонд гүн талархал илэрхийлье. Цаашид спортоор дамжуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон иргэд хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд бид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Тийболын спортыг Монголд улам дэлгэрүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахдаа нээлттэй байх болно” хэмээсэн юм.

Сэтгэгдэлүүд

Дээш