Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард гаргасан.
Зарлигийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг 2023 оны 03 дугаар сард байгуулсан юм.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь өнгөрсөн хугацаанд Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Тус үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэх анхны чуулганыг Барилга, хот байгуулалтын яам, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хамтран 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгууллаа.
Чуулганд Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Япон Улс, Израил Улсын архитекторууд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож, Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал болон дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагын хүрээнд санал солилцов.
Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байх үзэл баримтлалд тулгуурлажээ.
Тухайлбал, Хархорум хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаар танилцууллаа.
Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг байгуулахаар үзэл баримтлалд тусгажээ.
Чуулганы оролцогчид монгол мэргэжилтнүүдийн боловсруулсан үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, байгаль орчинд ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэх, ус, хүнсний хангамж, хүн амын бүтцийн төлөвлөлтийн ач холбогдлыг онцолж байв.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь энэ онд багтаан Хархорум хотын инженер-геологи, гидро-геологийн нарийвчилсан судалгаа, байр зүйн зураглалыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Цаашид Хархорум хотын байршлыг улсын тусгай хэрэгцээнд авах, улмаар техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан зураг төслийг боловсруулах зэрэг ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.