logo
Үнийг хөөрөгдсөн зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болжээ

Үнийг хөөрөгдсөн зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болжээ

2012/01/12
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын өчигдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ.
Үүнтэй холбогдуулан валютын ханш огцом өссөний улмаас автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ зохиомлоор өсч байгааг хязгаарлах зорилгоор ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд буулган валютын зах дээрх ам.долларын хомсдлыг арилгах арга хэмжээ авч, гадаад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах ам.долларыг Монголбанкны албан ханшаар тооцож импортлогч компаниудад эхний ээлжинд худалдах талаар зохицуулалт хийж байхыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөлөө.
Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүн хадгалах агуулах, савны хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Чойрт баригдах, зураг төсөл нь хийгдсэн агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж, барих ажил эхлүүлэхийг Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлган импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад орнуудтай яриа хэлцэл хийж, гэрээ байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд хариуцлагын асуудлыг хөндлөө. Үнийн хөөрөгдөл нийгэмд бухимдал төрүүлсэн энэ асуудал хариуцлага дагуулах үндэслэл хангалттай байна, мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсгөх тооцоо байтал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд Б.Ариунсан болон Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарт хариуцлага тооцохыг сайд Д.Зоригтод даалгалаа.
Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах нийгэмлэг  ажлаа маш хангалтгүй хийж байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. 
Инйхүү хуралдаанаас хаана, хэн хариуцлага алдсаныг шат шатанд нь тогтоон ирэх баасан гаригт  танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болголоо.
Мөн иргэдийг хохироож, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш хөөрөгдөхөд хүргэсэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуралдаанаас үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш