Чингис хаан Үндэсний музейд 2023 оны наймдугаар сарын 12-нд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Э.Пүрэвжав агсаны "Монголын нууц товчоон судлалын ном зүй" хэмээх бүтээлийн нээлт боллоо.
Одоогоос дөрвөн сарын өмнө бурханы оронд одсон энэ эрхэм хүмүүн эрдэм ном, судалгаа шинжилгээ, бүтээх туурвихын гайхамшиг дунд бүхий л насаа элээхдээ монгол туургатны үндэсний бахархал болсон түүхэн сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д онцгойлон анхаарал хандуулж, судлаж, дэлхий даяар түгсэн олон эхийг сурвалжлан цуглуулж, олон орны эрдэмтэн судлаачдын дунд алдартай арвин сан хөмрөг бүрдүүлжээ.
Түүний хамгийн сүүлд бичгийн ширээн дээрээ үлдээгээд явсан гар бичмэл нь нэгэн насаа зориулан, нууцын чанадад нь нэвтрэхээр зорьж байсан Монголын их хөлгөн судар “Монголын нууц товчоон”-ы эхний нүүрт хийсэн засвар байсан аж.
“Монголын нууц товчоон” судлалд хэзээ ч үл мартагдах үлэмжийн гавьяа байгуулсан Э.Пүрэвжав агсаны охин П.Соёлмаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан “Монголын нууц товчоон судлалын ном зүй” хэмээх бүтээлээр нь эрхэм нөхдийнх нь хамт номон суварга бүтээснээ уншигч танаа өргөн барьж байна.
Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей