logo
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг төлөвлөх оновчлолын системийг танилцууллаа

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг төлөвлөх оновчлолын системийг танилцууллаа

2023/08/24

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал үүсэх болсон нь:

1. Хүн амын өсөлт буюу элсэлт төгсөлтийн харьцаа алдагдсан

2. Хөрөнгө оруулалтын оновчгүй бодлого хэрэгжүүлсэн  

3. Хот төлөвлөлтийн алдаа буюу авлига гэсэн гурван үндсэн шалтгаантай гэж үзэж байна.

Аливаа төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хэн нэгэн улстөрч өөрийн тойрогт сургууль, цэцэрлэг байгуулах шийдвэрийг судалгаагүй, нотолгоонд суурилаагүй, газаргүй, зураггүй төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгуулдаг. Мөн барилгын ажлын явцад зургийг шинэчилдэг, төлөвлөснөөс бусад нэмэлт ажил бий болгодог жишиг тогтсон байв. Үүнээс үүдэлтэйгээр хүртээмжгүй байдал нэг талдаа үүсэж байхад нөгөө талд нь хүүхдийнхээ тооноос хэд дахин хүчин чадал ихтэй, хөрөнгө оруулалтын өгөөж тааруу барилгууд ч хөдөө орон нутагт боссон байдаг.

Тэгвэл өнөөдрийг хүртэл үүссэн энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд газарзүйн мэдээллийн системд суурилсан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ашиглах систем хөгжүүлж 2024 оны боловсролын салбарын төсвийн төсөл боловсруулахад хэрэглээнд нэвтрүүлж байна.

Энэ нь  боловсролын салбарын болон бусад мэдээллийн системүүдтэй уялдуулан сургууль, цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, шинээр барих хэрэгцээ шаардлагыг, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хот төлөвлөлт, хамгийн ойр сургууль, цэцэрлэгт хамран сургах тооцоолол, элсэлт, төгсөлтийн хандлагыг харгалзан үзэж хөрөнгө оруулалтын жагсаалтыг тодорхойлох юм.

Системийн явцын танилцуулгыг салбарын сайдын зүгээс санаачилан хэд хэдэн удаа хийсэн. Энэ удаагийн уулзалтын үндсэн зорилго нь салбар тус бүрд хийгдэж буй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар цахим систем хоорондын уялдааг хэрхэн хангах, төрийн дата мэдээллийг нэгдсэн байдлаар хэрхэн солилцох, цахим системийн хөгжүүлэлтэд нэгдсэн ямар бодлого баримтлах талаар хэлэлцлээ. Мөн нэгдсэн дүгнэлт, шийдэл гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулгаар оруулахаар болж байгаа юм.

Тус газарзүйн мэдээллийн системд суурилсан “Хөрөнгө оруулалтын оновчлол”-ын системийг Азийн хөгжлийн банк санхүүжилтээр дэмжиж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш