Илүү чанарыг илүү хямдаар гэсэн уриатай Имарт хайпермаркетын 4 дэх салбар удахгүй нээгдэх гэж байна. Тус салбар дэлгүүр Баянгол дүүргийн 6-р хороо буюу 10-р хороололд, Энхтайвны өргөн чөлөөнд байрлалтай тул зөвхөн Баянгол төдийгүй Сонгино-Хайрхан, Хотын баруун тийш явж байгаа бүхий л хэрэглэгчдэд ойртож байгаа хэрэг юм.
Имартын албаны хүнээс тодруулахад “бид олон талын судалгаа, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн тус салбараа нээхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын хамгийн өндөр нягтралтай хүн амын суурьшлын бүс байгаа. Тэр дундаа хүүхэд залуус эзлэх хувь өндөр болохоор тэдэнд орчин цагийн үйлчилгээг илүү ойртуулах, цаг завыг хэмнэх зорилгоор төслөө төлөвлөсөн” гэв. Мөн 350 автомашины зогсоол, 60 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, 80 гаруй худалдаа үйлчилгээний газартай томоохон цогцолбор. Ингэж олон үйлчилгээг төвлөрүүлснээр нэг зогсоолоос бүхий л хүссэн үйлчилгээгээ авах боломж бүрдэж буй юм.
Цаг хэмнэж, гэр бүл, найз нөхөд, хамтрагч нартайгаа уулзаж цагийг таатайгаар өнгөрүүлэх хоолны газар, кафе, хүүхэд багачуудын тоглоомын төвүүд, банк, ахуйн үйлчилгээний цэгүүд, машин угаалга, амьтан тэжээхэд шаардлагатай хэрэгслүүд, загварын хувцас, цахилгаан бараа гээд дурдаад байвал нээрээ л хэрэглэгч бидний хэрэгцээ бүгд нэг дор.
Энэхүү Имарт Баянгол Салбар ашиглалтад орсноор 500 гаруй ажлын байр шинээр бий болж буй нь үнэхээр сайшаалтай.