logo
Улаанбаатар хотын бонд гаргах андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Улаанбаатар хотын бонд гаргах андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2023/09/06

Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргах зөвшөөрлөө Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос аваад буй. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд шинэчлэгдэн батлагдсанаар Улаанбаатар хот санхүүгийн зах зээлд бонд гаргах эрхтэй болсон билээ. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж санхүүжилтийн илүү үр ашигтай арга хэрэгсэл ашиглан дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх, санхүүгийн хувьд бие даан ажиллах боломжтой болж байгаа юм.

Улаанбаатар хотын бондыг санхүүгийн зах зээлд гаргах үйл явцад тэргүүлэх андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, дэд андеррайтеруудаар “ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК болон “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллах юм. Энэ хүрээнд НЗДТГ тэргүүлэх андеррайтер, дэд андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

“БиДиСек ҮЦК” ХК-ийн ерөнхийлөгч Д.Даянбилгүүн:

-Улаанбаатар хот анх удаа бонд гаргаснаар нийслэлийн хөгжлийн шинэ түүхийг эхлүүлж байна. Улаанбаатар хотын бонд нь хөрөнгө оруулагч бүрийн сонирхлыг татсан, найдвартай үнэт цаас байна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон юм.

Тэргүүлэх андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК нь  Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн харилцаа үүсэн бүрэлдсэн цагаас хойш 31 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, салбарын тэргүүлэгч үнэт цаасны компани юм. Тус компани 2006 онд Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж олон нийтийн компани болсон бөгөөд 2021 онд Монгол Улсын “Шилдэг брокер”, “Шилдэг хөрөнгө оруулалтын банк”-аар шалгарч байсан. www.bdsec.mn

Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ:

-Монголын хөрөнгийн зах зээл дээр түүхэн үйл явдал болж, орон нутгийн бонд гэсэн шинэ бүтээгдэхүүн нэмэгдэж буйд баяртай байна. Орон нутгийн бонд нь байгууллагын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг бүтээгдэхүүн гэлээ.

Дэд андеррайтерГоломт капитал ҮЦК” ХХК-ийг 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд Монголын зах зээлд зарласан нийт IPO, FPO андеррайтерын үйлчилгээний 40 хувийг дангаараа гүйцэтгэсэн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг юм. www.golomtcapital.com

“ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК-ийн дэд захирал Г.Энхбат:

-Засгийн газрын бонд 2015 оноос хойш завсарлаад байгаа энэ үед нийслэлээс орон нутгийн бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлд томоохон дэвшил авч ирж байна. Улаанбаатар хотын бонд нь зөвхөн хөрөнгө оруулагч нарт өгөөжөө өгөөд зогсохгүй Монгол Улсын иргэдийн тал шахуу хувь нь амьдардаг нийслэл хотын бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, нийслэлийн иргэн бүрд үр өгөөжөө өгнө хэмээн онцолсон юм.

Дэд андеррайтер “ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд анх удаа гаргасан Чингис бондын дотоодын зөвлөхөөр ажилласан. Үүнээс хойш гадаадын зах зээлээс нийт 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан, олон улсын зах зээлд ажилласан арвин баялаг туршлагатай компани юм. Тэд хамгийн сүүлд Монгол Улсад анх удаагаа АНУ-ын Засгийн газрын бондыг (Treasury Bill) хөрөнгө оруулагч нарт санал болгоод байна. www.tdbsecurities.mn

Ташрамд, Улаанбаатар хотын бондыг олон нийтэд санал болгоход зуучлагч, баталгаа гаргагчийн үүрэгтэй мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тэргүүлэх андеррайтерыг НЗДТГ-ын захиалгаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн санал гарган, сонгон шалгаруулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш