logo
“Тавантолгой төмөр зам” ХХК, “УБТЗ” ХНН-тэй санамж бичиг байгууллаа

“Тавантолгой төмөр зам” ХХК, “УБТЗ” ХНН-тэй санамж бичиг байгууллаа

2023/09/08

“Тавантолгой төмөр зам” ХХК Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг  шинэчилж, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Тус хоёр байгууллага хооронд 2019 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженер техникийн ажилтан, механик, операторуудын мэргэжил дээшлүүлэх сургалт, “УБТЗ” ХНН-ийн зүгээс хөдлөх бүрэлдэхүүний засвар арчлалт, зүгшрүүлэлтийн тээвэрлэлтийн үед гол замын зүтгүүрийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллаж ирсэн.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Монгол Улсын төмөр замын сүлжээ өргөжин тэлж буй энэ үед “Тавантолгой төмөр зам” ХХК-тай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлээд, амжилт хүсэв.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг товч танилцуулаад олон арван жилийн баялаг түүхтэй Монгол Улсын төмөр замын салбарын ууган байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа тэмдэглэлээ.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр төмөр замын байгууллагын харилцаа улам бэхжиж, цаашид Монгол Улсын төмөр замын тээврийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээ хийх, төмөр замын тээврийн багц программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, төмөр замын төв эмнэлэгт төмөр замын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийлгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт шинэчлэн тусгалаа гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш