logo
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацорт БНХАУ-ын Жинжөү боомтод очиж ажиллалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацорт БНХАУ-ын Жинжөү боомтод очиж ажиллалаа

2023/09/11

Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог.

Жилдээ 100 сая тн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт бөгөөд нэг жилд  1 сая 100 мянган чингэлэг боловсруулах хүчин чадалтай аж.

Манай улсын хувьд жилдээ 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаадаг.

Манай импортын ачааны ихэнх дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тн ачаа боловсруулдаг. Тэгвэл Тяньжинд үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон 2 дахь гарцтай болохыг чухалчилж байна.

Тяньжин боомтын  өрсөлдөгч Жинжөү боомт манай улсаас хамгийн ойр буюу ердөө 866 километр. Нийт 3397 мянган метр квадрат агуулах талбайтай, дэлхийн 100 гаруй улс орон, Ази, Америк, Европ, Африк тивийн бүс нутгуудтай навигацийн харилцаатай аж.

Энэ боомтыг бид ашигласнаар чингэлгийн бөөгнөрөл арилж цаашдаа тээврийн үнэ буурч, манай, улсын импортын ачаа маш хурдан ирдэг болох юм.  Иймд

-Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ  хурдан хэрэгжүүлэх
-Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх
-Ачаа тээврийн терминалуудыг байгуулах
-Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зэрэг зүүн бүсийн томоохон дэд бүтцийн цогц төслүүдээ Жинжөү хоттой хамтран хэрэгжүүлэх чиглэлээр тус хотын дарга Ван Шиньюй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах ойлголцолд хүрлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш